Хуудас

01 November 2012

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO дахин хойшилно


Монголын хамгийн том коксжих нүүрсний орд Тавантолгойд олборлолт хийж буй төрийн өмчийн компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO дахин хойшилсон тухай тус компанийн Уул уурхай хариуцсан дад захирал Грэм Хэнкок мэдэгдсэн байна.


Тэрбээр энэ мэдээллийг Хонконгт болж буй Mongolia Investment Summit буюу Монголын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр өгчээ. Түүний тайлбарлаж буйгаар, манай улс төдийгүй дэлхийн коксжих нүүрс экспортлогч томоохон улс орнуудын гол “үйлчлүүлэгч” Хятадын эрдсийн түүхий эдийн эрэлт ирэх оны есдүгээр сар хүртэл төдийлөн “сэргэхгүй” байх төлөвтэй байгаа ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жилийн дундуур Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа худалдаалж эхлэх ёстой байсан ч ирэх оны эхний улирал хүртэл хойшлуулаад байсан юм. Одоо дахин хойшлох нь тодорхой болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийхээ ирэх оны есдүгээр сар хүртэл хойшлуулах төлөвтэй байгаа ч үүнээс наана орд газрын дэд бүтцэд зориулж ихээхэн хэмжээний санхүүжилт олох шаардлагатай байгааг Грэм Хэнкок мөн мэдэгдсэн байна. Иймд “Эрдэнэс Тавантолгой” компани ойрын хугацаанд доод тал нь 600 сая ам.долларын санхүүжилтийг зээл болон бондын арилжаагаар бүрдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэ жилийн хувьд томоохон компаниуд IPO болон хувьцаа арилжаалах төлөвлөгөөгөө хойшлуулан, оронд нь зээл авах болон бонд гаргах хувилбарыг сонгож байна. Оросын төмөр зам энэ жил IPO хийхээ хойшлуулсан бол Fortescue Metals Group хувьцааны арилжааны оронд зээлийг сонгосон.  Энэ жилийн хувьд IPO хийхэд хамгийн амжилтгүй байх болно гэсэн таамгийг ч Блүмбэрг, Ройтерс-ийн мэдээллүүд харуулаад байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөгөөгөөр, Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж 3 тэрбум ам.доллар босгох ёстой. Өмнө нь тус компанийн IPO-г Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах асуудал гацаагаад байсан бол одоо Хятадын эрдсийн эрэлтийн бууралт болоод дэлхийн эдийн засгийн удаашрал “дайран дээр давс” нэмж байна.
Эх сурвалж: economics.gogo.mn

No comments:

Post a Comment