Азийн хөгжлийн төлөвийн талаархи шинэчилсэн
тайланд дурдсанаар /энэ оны аравдугаар сарын 4-нд гарсан/ дэлхийн эдийн засаг
энэ оны эхэнд төсөөлж байснаас сайжрахгүй байна. АНУ, Евро бүс, Япон зэрэг аж үйлдвэржсэн
томоохон улсын эдийн засгийн өсөлт ирэх жил эргэн сэргэх төлөвтэй боловч
дэлхийн эдийн засгийг хойш чангаасаар байх шинжтэй байна хэмээн Азийн хөгжлийн
банк /АХБ/-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Яан Ханзен, эдийн
засагч Л.Амар нар тайлбарласан юм. Дэлхийн эдийн засаг Монголд хэрхэн нөлөөлөх
вэ.
-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудаж,
Хятадын эдийн засгийн өсөлт эрс саарч байгаа нь экспортоор дамжин Монголын
эдийн засгийн өсөлт, гадаад худалдааны тэнцэлд сөрөг нөлөө үзүүлж байна. Эдийн
засгийн өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 20 хувьтай байсан бол энэ оны
эхний улиралд 16.5 хувь хүртэл буурч, энэ оны гуравдугаар улиралд 5.6 хувьд
хүрлээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар нэрлэсэн үнээр экспорт өнгөрсөн оны
мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буурч, импортын өсөлт 8.7 хувьд хүрч буурав.
Экспорт, импортын өсөлт энэ жил буурсанаар энэ оны есдүгээр сарын байдлаар
өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.3 болон 7.7 хувь тус тус болсон байна.
Оны эхний хагаст урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеээс 30 хувиар өсөж, 1.4
тэрбум долларт, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр хувиар өсч 1.9 тэрбум
ам.долларт хүрчээ.
Дэлхийн эдийн засгийн уналтаас үл хамааран,
Оюутолгой төслийн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу эхэлбэл ДНБ-ий хэмжээ энэ онд
11 хувиар, ирэх онд 12 хувиар тус тус өснө гэж тооцоолж байна. Энэ онд сангийн
бодлого мөчлөг дагасан шинжтэй байна. Засгийн газрын зардал энэ оны эхний есөн
сарын байдлаар нэрлэсэн дүнгээр 38 хувиар өндөр байлаа. Төсвийн орлогын өсөлт
төсвийн зардлын өсөлтийн хурдыг гүйцэж чадахгүй байгаа бөгөөд зөвхөн 10.9 орчим
хувиар өсчээ. Үүний улмаас төсвийн тэнцэл 532.5 тэрбум төгрөгийн алдагдалтай
гарлаа. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 236.7 тэрбум төгрөгийн ашигтай гарч
байсан юм. /2011 онд төсвийн алдагдал 391 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.6 хувьтай
тэнцэж байв./ Энэ оны төсвийн тооцоог үзвэл зардал 32 хувиар, орлого 40 хувиар
өсөхөөр байна. Энэ оны есдүгээр сарын дундуур УИХ төсөвт тодотгол хийж, орлогын
тооцоог 10.6 хувиар хасч, зардлын тооцоог 1.8 хувиар танаж, Засгийн газрын
алдагдлыг ДНБ-ий 4.2 хувьд байхаар шинэчлэн тогтоосон.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2013
оны эхний сараас эхлэн төсвийн бүтцийн алдагдалыг хоёр хувийн хязгаарт барих
ёстой болж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар төсвийн
зарцуулалтыг ихээхэн чангатгах шаардлагатай байна. Энэ онд төсвийн орлого
байнга хомсдолтой байгаа нь улсын төсвийн орлогыг хэт өөдрөг байдлаар төсөөлж
төсөв боловсруулах нь эрсдэлтэй болохыг харуулж байна. Инфляцийн түвшин
өнгөрөгч наймдугаар сард 14.8 хувьтай байсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд
эрэлт, нийлүүлэлтийн дарамт хурдацтай өсч буйг илтгэж байна. 2012 оны эхний
хагаст төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрийг хоёр үе шаттайгаар
нэмэгдүүлсэн, эрэлтийн хэмжээ өндөр байгаа шалтгааны улмаас үнийн дарамт цаашид
үргэлжлэх төлөвтэй байна. Инфляцийн түвшин энэ онд 15 хувь, ирэх онд 12 хувь
тус тус байна гэж төсөөлж байна. 2010 оны эхнээс мөнгөний бодлогыг Монголбанк
чангатгасан бөгөөд бодлогын хүүг нийт 2.25 нэгж хувиар нэмэгдүүлж 13.25 хувьд
хүргэж, банкны нөөцийг долоон нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсэн.
Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсний улмаас арилжааны банкуудын зээлийн жилийн
өсөлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 75 хувиас энэ оны мөн үед ойролцоогоор
37 хувь болж буурав.
Ам.доллартай харьцах төгрөгийн ханш энэ оны
тавдугаар сард 1316 төгрөгөөс энэ сард 1400 төгрөг болж таван хувиар суларсан
байна. Урсгал тэнцлийн алдагдал улмаас төгрөгийн ханшид учрах дарамт есдүгээр
сарын дундаас эрс нэмэгдэж, Монголбанк гадаадын валютын зах зээл дээр
ам.доллар, Хятадын юанийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар интервенц хийсэн.
Өнөөгийн дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд нийцүүлэн эдийн
засгийн бодлогыг боловсруулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ
цаашид их хэмжээгээр унавал Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлж, төрийн
санхүү, урсгал дансанд ихээхэн дарамт учруулах болно. Өөр нэг томоохон эрсдэл
бол Монгол улсын экспортын дийлэнх хувийг эзэлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт
ихээхэн саарч болзошгүй байгаа явдал юм. Эдийн засгийн бодлогын гол тэргүүлэх
чиглэл нь төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн зардлыг танаж, Засгийн
газрын үндсэн зардлуудыг санхүүжүүлж, түүхий эдийн үнийн уналтаас сэргийлэх
хамгаалалтыг бий болгосон байх хэрэгтэй юм. Ялангуяа төсвийн тогтвортой байдлын
тухай хуулийг зүй ёсны дагуу хэрэгжүүлж, Монголын нөөц баялаг нь зөвхөн эдийн
засгийн өсөлтийг тогтворжуулаад зогсохгүй, тэнцвэртэй хөгжлийг бий болгож,
ядуурлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн хөгжлийг хангах нь чухал байна.
No comments:
Post a Comment