Хуудас

06 November 2014

Компаниудын ногдол ашиг төлөх шалтгаан юу вэ? ямар аргаар төлдөг вэ?

Ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд хэрхэн нөлөөлдөг талаар интернетээс хайж үзэхэд олон төрлийн мэдээлэл гарч ирэх бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь компаниуд ногдол ашиг төлдгийн зорилго, яагаад зарим компаниуд ногдол ашиг төлж байхад зарим нь төлдөггүй вэ? гэсэн асуудлууд юм. Компаниудын хэрэгжүүлдэг ногдол ашгийн бодлогуудыг тайлбарлахын өмнө ногдол ашгийн бодлогын талаарх үзэл баримтлалуудтай танилцъя.

Ногдол ашгийн эсрэг үзэл баримтлал
Нэгдүгээрт, зарим санхүүгийн шинжээчид ногдол ашгийн бодлого явуулах ямар ч хэрэггүй, учир нь хөрөнгө оруулагчдад өөрсдийн гэсэн ногдол ашгийг бий болгох чадвар бий, хувь хүн өөрийн сонирхлын дагуу багц үүсгэсний үндсэн дээр орлого олж болдог гэж үздэг. Жишээлбэл, тогтмол орлого олохыг хүсэж буй хөрөнгө оруулагчид ногдол ашиг төлдөг хувьцаанд хөрөнгө оруулахаас илүүтэй хүүний төлбөр нь тогтмол байдгаар нь бондыг сонгох хандлагатай байдаг. 
Хоёрдугаарт, компаниуд маш бага ногдол ашиг олгох эсвэл бүр огт олгохгүй байх нь хөрөнгө оруулагчдад илүү сайн талтай гэж үзэх хандлага. Энэ бодлогыг дэмжигчид нь ногдол ашигт ногдох татвар нь капиталын өгөөжид ногдох татвараас өндөр гэж үздэг. Өөрөөр хэлбэл компаниуд ашгаа ногдол ашиг болгон тараахын оронд дахин хөрөнгө оруулалт хийвэл өөрийн үнэ цэнийг өсгөн хувьцааны зах зээлийн үнэ цэнийг өсгөнө гэж үздэг. Харин илүүдэл бэлэн мөнгөө хэрхэн үр ашигтайгаар зарцуулах өөр боломж байна вэ гэвэл: илүү олон төсөл хэрэгжүүлэх, өөрийн хувьцаагаа худалдан авах буюу халааслах, шинээр компани худалдан авах, ашиг авчирхуйц хөрөнгө худалдан авах, санхүүгийн хөрөнгүүдэд дахин хөрөнгө оруулах гэх мэт.

Ногдол ашгийг дэмждэг үзэл баримтлал
Дээр дурдсан 2 үзлээс ялгаатай нь өндөр ногдол ашиг олгох нь компанийг санхүүгийн тал дээр асуудалгүй, ашигтай ажиллаж буйг хөрөнгө оруулагчдад харуулдаг гэж үздэг. Мөн ногдол ашиг нь найдвартай орлого хайж буй хөрөнгө оруулагчдад тохиромжтой байдаг. Маш олон жишээнээс харахад ногдол ашгийн өсөлт, бууралт нь хувьцааны үнэд нөлөөлж байдаг. Олон жил ногдол ашиг тогтмол төлсөн түүхтэй компани ногдол ашгаа бууруулахад хувьцааны үнэд сөргөөр нөлөөлдөг бол эсрэгээрээ өсгөхөд эерэгээр нөлөөлдөг. Гэтэл ногдол ашиг огт төлж байгаагүй компани шинээр ногдол ашиг олгож эхлэхэд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж эхэлдэг.

Ногдол ашиг төлөх аргууд
Компани ногдол ашиг олгохоор төлөвлөсөн бол өндөр эсвэл бага ногдол ашгийн бодлогын алийг нь дагахаа сонгох хэрэгтэй ба үлдэгдэл, тогтвортой, холимог гэсэн 3 аргын нэгийг хэрэглэнэ.

Үлдэгдэл буюу Residual
Үлдэгдэл ногдол ашгийн бодлого ашигладаг компаниуд дотоод үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгөөр(ашиг, мөнгөн урсгал) шинэ төслүүдийг санхүүжүүлэх аргыг сонгодог. Тиймээс ногдол ашгийн төлбөр нь бүх төслүүдэд шаардагдах капиталыг нөхсөний дараа үлдэх ашгаар төлөгдөнө гэсэн үг. Эдгээр компаниуд нь ихэвчлэн ногдол ашиг тараахаасаа өмнө өр ба эздийн өмчийн харьцааг зохистой төвшинд байлгахыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл гарсан үйл ажиллагааны зардал, өргөжилтийн зардлын дараа хангалттай мөнгө үлдсэн тохиолдолд л ногдол ашиг тараах шийдвэр гаргадаг байна.
Жишээ авч үзье. СВС компани $1000-н ашиг олсон ба өр ба эздийн өмчийн харьцааг 0.5 байлгах хатуу бодлого баримталдаг. Компани $900-н капиталын шаардлагатай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Өр ба эздийн өмчийн харьцааг 0.5 байлгахын тулд төслийнхөө 1/3 хувийг буюу $300-г өрөөр, 2/3 буюу $600-г эздийн өмчөөр санхүүжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл олсон ашиг $1000-с $600-н санхүүжилтээ хасан үлдсэн $400-г ногдол ашигт үлдээнэ гэж ойлгоно. Харин нөхцөлийг өөрчлөн төслийн шаардлагатай капиталын хэмжээг 1500$ гэж үзвэл өр төлбөрөөр $500-г санхүүжүүлэн эздийн өмчөөр $1000-г санхүүжүүлэх шаардлагатай болох тул энэ тохиолдолд ногдол ашигт зарцуулах ашиг үлдэхгүй байна. Хэрэв компанид олсон ашгаас нь их хэмжээний санхүүжилт эздийн өмчөөр төлөгдөх бол нэмж шинэ хувьцаа гаргана.

Тогтвортой байдал буюу Stability
Үлдэгдэл ашгийн бодлогоор ногдол ашиг олгодог компаниудын олгож буй ногдол ашгийн хэмжээ их хэлбэлзэлтэй байдаг бол ногдол ашгийн тогтвортой бодлогын хувьд хэмжээ нь тодорхой байдгаараа ихээхэн ялгаатай. Энэхүү бодлогоор компаниуд улирлын ашгаасаа тогтмол хувийг төлдөг мөчлөгийн бодлого, эсвэл жилийн ашгаасаа хувь төлдөг тогтмол бодлого хэрэгжүүлж болно. Энэ бодлогын гол зорилго нь хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдлыг багасгаж өгөх, тэднийг орлогоор хангах юм.
Дээр дурдсан СВС компани жилийн $1000-н ашиг (улирлын $300, $200, $100, $400) олсон гэж үзье. Компани жилийн ашгаасаа 10%-р ($1000 x 10%) ногдол ашиг олгох тогтмол бодлого барихаар шийдсэн ба энэ нь улирал бүр $25-н ($100/4) ногдол ашиг төлнө гэсэн үг. Харин мөчлөгийн бодлого барих бол улирал тутам $300, $200, $100, $400 тус тус төлнө. Жишээнээс  харахад энэхүү бодлогыг баримталдаг компаниуд бэлэн мөнгөний илүүдлээ ямар төсөлд санхүүжүүлэх вэ гэж хайхаас илүү хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцахыг эрмэлздэг байна.

Холимог буюу Hybrid
Сүүлийн арга нь дээрх хоёр аргын холимог бодлого бөгөөд энэ аргыг ашигласнаар компаниуд өр ба эздийн өмчийн харьцааг богино хугацааны бус урт хугацааны зорилгоо болгон авч үзэх хандлагатай байдаг. Сүүлийн үед зах зээл дээр ногдол ашиг олгохдоо энэ аргыг хэрэглэх нь элбэг болсон. Эдгээр компаниуд нь бизнесийн мөчлөгийн хэлбэлзлийг даган ногдол ашгаа олгодог ба жилийн ашгаасаа маш бага хэсгийг нь ногдол ашигт тараадаг ба ашиг нь хэвийн үеийнхээс давсан үед л нэмэлт ногдол ашиг олгодог.

Дүгнэлт
Хэрэв компани ногдол ашиг олгохоор шийдсэн бол үлдэгдэл ашгийн, тогтвортой, холимог гэсэн 3 бодлогын аль нэгийг нь сонгон хэрэгжүүлдэг ба компанийн сонгосон бодлого нь ногдол ашгийн төлбөр нь хөрөнгө оруулагчдад хэр зэрэг ашигтай байх вэ, орлого нь хэр тогтвортой байх вэ гэдгийг тодорхойлдог.

Эх сурвалж: www.investopedia.com
Орчуулсан: Э.Шүр
(Энэхүү орчуулга нь албан ёсны бус бөгөөд үг хэллэг, утга зүй, найруулгын алдаатай байх магадлалтай учир ямар нэгэн эрдмийн ажилбар олон нийтийн хэрэглээнд ашиглахгүй байхыг хүсье.)

No comments:

Post a Comment