Хуудас

30 October 2012

Хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ


Намрын улиралд манай орны нутгаар дундат өргөрөгийн фронтын бүс дамнан байрлах тул фронтын гаралтай циклон эрчимшиж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурах тохиолдол ажиглагддаг. Өнөө маргаашдаа манай орны ихэнх нутгаар дулаарч цаг агаар харьцангуй тогтуун өдөртөө Говийн бүс нутгаар 7-12  градус хүрэх төлөвтэй байна. Гэвч шинэ сарын эхээр Уралын нурууны дагуу өндрийн  их даралтын орон туйл хүртэл хөгжиж Баруун Сибирээс хүйтэн агаарын масс манай нутаг руу шилжиж ирж, улмаар манай нутаг дээр гүнзгийрч цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгаа тул та бүхэнтэй хамтарч хэвлэл мэдээллээр хэрэглэгчдээ цаг агаарын Онц хүчтэй цасан шуурганы гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг хүргэх гэж байна.
Өнөөдөр малчид өвөлжөөндөө бууж, нүүдэл суудал хийж байгаа энэ үед цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээг эртнээс мэдээлэх арга хэмжээ авахгүй бол цаг алдаж улмаар их хэмжээний хохирол амсаж болзошгүй байдалтай байна.

1-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Ялангуяа 2-нд Төвийн ихэнх  нутгаар ахиухан цас орно.

Салхи 1-нд зарим газраар, 2-3-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна.

Агаарын температур 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 10-15 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

11 дүгээр сарын 2-3-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тул зарим уул даваа цасанд боогдох, халтиргаа гулгаа үүсэх, олон улсын болон орон нутгийн зарим нислэг хойшлох, нөхцөл байдал үүсч болзошгүй тул малчид, ард иргэд, жолооч тээвэрчдийг цаг агаарын мэдээг радио, телевиз болон мэдээллийн бүх хэрэгслээр хүлээн авч, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА С.ЭНХТҮВШИН

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ
СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ Ж.ЦОГТ

Эх сурвалж: www.caak.mn

No comments:

Post a Comment