Жил гаруй хугацаанд сайтар тунгаан ярилцаж үзсэний
үндсэн дээр нийгмийн сүлжээний тэргүүлэгч компани Facebook өнгөрсөн 5-р сард
хувьцаагаа олон нийтэд арилжаалсан билээ. Нэгж хувьцааны анхны гаргалтын (IPO) үнэ $38 байсан бөгөөд компани нийтдээ $16 тэрбумаар
үнэлэгдэж байлаа.
Хувьцааны үнэ эхэндээ $40 хүрч байсан боловч үүнээс хойш
аажмаар буурсаар байгаа юм. Уоррен Баффет хувьцааг анх гаргасан үеэс л худалдан
авахгүй байхыг зөвлөж байсан бөгөөд одоогийн байдлаар түүний таамаглал зөв
болох нь харагдаж байна. Яагаад Уоррен Баффет Facebook-т хөрөнгө оруулах нь
ашиггүй хэмээн зөвлөснийг доорх 3 гол
шалтгаанаар тайлбарлая.
Ерөнхийдөө Баффет технологийн компаниудад хөрөнгө оруулахаас зайлсхийдэг
Баффет цаг хугацааны шалгаралыг давж туулан гарч ирсэн
бизнесийн загвар бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийдгээрээ алдартай. Үүний
алдартай жишээ нь Кока-Кола компани юм. Өнгөрсөн зууны туршид уг компани
дэлхийн өнцөг булан бүрт өөрийн нэрийн ундааг худалдаалж байна. Дэлхийн эдийн
засаг, улс төрд юу ч тохиолдож байсан хүмүүс энэхүү чихэрлэг усыг худалдан авсаар
л байна. Кока-Кола бол Уоррен Баффетын хамгийн ашигтай хөрөнгө оруулалтуудын
нэг бөгөөд хэдэн арван жилийн турш түүнд ашгаа өгсөөр иржээ. Үүнтэй
харьцуулахад техник технологийн ихэнх компаниудын байдал асар хурдан өөрчлөгддөг
бөгөөд бизнес загваруудыг таамаглахад хүндрэлтэй байдаг.
Facebook хэрэглэгчдийн тоо одоогийн байдлаар асар
хурдацтай өсөж байна. Гэвч хэдхэн жилийн өмнө түүний өрсөлдөгчдийн нэг MySpace нийгмийн
сүлжээний хэрэглэгчдийн тоо мөн ийм хурдаар өсөж байлаа. Одоо MySpace
хэрэглэгчдийн тоо асар буурч, сурталчилгаа
байрлуулах компани олдохгүй болсон байна. Хэдхэн жилийн дотор Facebook-т энэхүү
явдал тохиолдохгүй гэсэн баталгаа алга.
Уоррен Баффет хувьцаагаа анх нийтэд худалдаалж байгаа компаниудад
болгоомжтой ханддаг
Технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийхээс
зайлсхийдгээс гадна Баффет хувьцаагаа анх нийтэд худалдаалж байгаа компаниудад
болгоомжтой ханддаг. Гэвч компанийн удирдлага болон хөрөнгө оруулалтын банкууд
хувьцааны үнийг байж болох хамгийн дээд хэмжээнд аваачихыг хичээдэг. Тэд үүнийг
зах зээлийн нөхцөл байдал таатай эсвэл хөрөнгө оруулагчид компанийн талаар таатай
сэтгэгдэлтэй үед хийх боломжтой.
Гэвч Facebook-ийн хувьд нийтэд зөв цагтаа хувьцаагаа
гаргаж чадаагүй бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр компанийн
удирдлагууд хувьцааг худалдах ажлыг түргэсгэхийг шаарджээ. Хувьцааг нийтэд
арилжиж эхэлсний дараа хөрөнгө оруулагчид ихээр худалдан авч компанийн зах
зээлийн үнэлгээг нэмэгдүүлж байлаа. 2012 оны туршид компанийн зах зээлийн
үнэлгээ $5 тэрбум болно хэмээн тооцоолж байсан боловч хэсэг хугацаанд уг
үнэлгээ $100 тэрбумд хүрсэн. Энэ үед хувьцааг эзэмшиж байгаа компанийн
удирдлагууд асар баян болж харагдаж байжээ. Хувьцааны үнийн өсөлт бууралтын
нөлөөгөөр хувьцааг анхны үнээр худалдан авсан хөрөнгө оруулагчид ихээхэн
алдагдал хүлээжээ.
Facebook-ийг үнэлэхэд асар хүндрэлтэй
Баффет хөрөнгө оруулагчидыг өөрсдийн мэдэх, үйл ажиллагаа
нь ойлгомжтой компанид хөрөнгө оруулахыг зөвлөжээ. Тэрээр хөрөнгө оруулалт хийх
компанийг ямар нэгэн байдлаар үнэлэхэд хэцүү, түүний талаарх мэдээлэл хомс бол
хөрөнгө оруулахаас зайлсхийх хэрэгтэй хэмээсэн байна.
Баффет Facebook-т хөрөнгө оруулалт хийх бодолгүй байгаа
талаар мэдэгдсэн. Үүнийгээ энэхүү бизнес асар түргэн хөгжиж байгаа бөгөөд
хувьцаа гаргана хэмээн хэтэрхий их дуулиан дэгдээсэн энгийнээр хэлбэл үнэлгээ хийхэд
бэрхшээлтэй гэж тайлбарлажээ. Баффет Facebook-ийг ер бусын амжилттай компани
гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахад
хүндрэлтэйг онцолсон байна.
Дүгнэлт
Facebook-ийн нэгж хувьцаа одоогийн байдлаар $27 болон
буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баффетын
зөвлөгөөг даган уг компанийн хувьцааг худалдан авахгүй байсан нь зөв шийдвэр
болсон байна. Facebook-ийн зах зээлийн үнэлгээ $58 тэрбум болон буурсан боловч урт
хугацаанд энэ нь өсөх хандлагатай байна.
Энэхүү мэдээллийг бичсэн Ryan C. Fuhrmann нийтлэлд дээр
дурьдагдсан ямар ч компаниудын хувьцааг эзэмшдэггүй болно.
Эх сурвалж: www.investopedia.com
Орчуулсан: М.Мөнгөнбат, Г.Мөнхцэцэг
No comments:
Post a Comment